card

       

       /Иргэн, аж ахуйн нэгж байгууллагад зориулсан зөвлөмж/

            Барилга, байгууламж, инженерийн шугам сүлжээ, авто болон төмөр замын зураг төсөл боловсруулах үед захиалагч, гүйцэтгэгч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд нь дараах хууль, тогтоомж, стандарт, норм дүрмийг  хэрэгжүүлэн ажиллана. Үүнд:

            1.Геодези, зураг зүйн тухай хууль,

            2.Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хууль,

            3.Засгийн газрын 2009 оны 25 дугаар тогтоол,

            3.Барилга байгууламжийн инженерийн судалгааны нийтлэг үндэслэл БНбД 11-07-04 –ийн 2 дугаар хэсэг Инженер-геодезийн ажил,

             4.1:500, 1:1000, 1:2000, 1:5000-ны масштабтай байр зүйн дэвсгэр зураглалын ажил БД 11-106-08,

5.Геодези, зураг зүйн ажлын жишиг үнэ БД 81-103-13,

9.Өндөржилт төлөвлөлтийн гарын авлага,

10.Төмөр зам ба авто замын нүхэн байгууламж БНбД 32-07-10-ын 4 дүгээр бүлэг Геодези-маркшейдрийн ажил,

11.Геодезийн байнгын цэг, тэмдэгт байгуулах ажил БД 11-104-06,

12.Инженерийн шугам сүлжээний зураглалын ажил БД 11-105-06,

13.Ус дулаан хангамж, ариутгах татуургын сүлжээ, үерийн усны байгууламжийн геодезийн ажил БД 11-115-16,

14.Өндөр барилга, байгууламжийн хэв гажилтыг тодорхойлох, үйлдвэрийн технологийн төхөөрөмж суурилуулах үеийн геодезийн хэмжилт БД 11-118-17 зэрэг болно.

Зураг төсөл боловсруулагдах үед хийгдэх геодезийн ажил:

Байр зүйн болон дэвсгэр зураг хийх;

Барилга, байгууламж, инженерийн шугам сүлжээ, авто болон төмөр замын зураг төсөл боловсруулах үед хийгдэх геодезийн ажилд тухайн объектыг газар дээр байршуулах, тэнхлэгийн дагуу судалгаа хийж, геодези, байр зүйн материал, газрын зураг, тоон мэдээллийг гарган авах нөхцөлийг бүрдүүлэх, батлагдсан зураг төслийн дагуу барих үед гүйцэтгэх геодезийн хэмжилт зураглалын ажлын төсөл, даалгаврыг бичих  ажлууд орно.

Газрын зургийг шинээр хийх эсвэл шинэчлэх тухай:

Шинээр баригдахаар төлөвлөж буй объектын зураг төсөл боловсруулахад ашиглах том масштабын газрын зураг /байр зүйн болон дэвсгэр/-ийг геодезийн зураг зүйн улсын нэгдсэн сангаас авч газар дээр нь тулгах, газар дээр очих боломжгүй үед тухайн цаг хугацаанд авсан агаар, сансрын зурагтай тулгаж судалгаа хийж, газрын зургийг шинээр хийх эсвэл шинэчлэх талаар үнэлэлт дүгнэлт өгнө.

Газрын зургийг шинээр гүйцэтгэх эсвэл шинэчлэхдээ Засгийн газрын 2009 оны 29 дугаар тогтоолоор баталсан солбицолын WGS-84 систем, UTM тусгагт, агуулга, нарийвчлал, масштабыг Барилга байгууламжийн инженерийн судалгааны нийтлэг үндэслэл БНбД 11-07-04–ийн 2 дугаар хэсэг Инженер-геодезийн ажлын 8-19 дэх хэсэгт заасан шаардлагыг хангаж гүйцэтгэж, хүлээлгэж өгнө.

Геодези, зураг зүйн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт заасны дагуу Байгууллага, аж ахуйн нэгж, иргэн нь улсын болон орон нутгийн төсөв, төрийн байгууллагын хэрэгжүүлж буй төслийн хөрөнгөөр гүйцэтгэсэн ажлын тайлан эх материал, солбицолын жагсаалт, зураг, бичлэг тоон мэдээллийг нэгдсэн санд үнэ төлбөргүй шилжүүлнэ.

 Зураг төсөл боловсруулагдахад ашиглах байр зүйн болон дэвсгэр зургийг захиалагч хүлээн авч түүн дээр барилга, байгууламж, инженерийн шугам сүлжээ, авто болон төмөр замын зураг төсөл боловсруулна.

Зураг төсөл боловсруулахдаа байр зүйн болон дэвсгэр зурагт Засаг даргын захирамжаар олгосон газрын кадастрын зургийг давхцуулж эзэмшиж, ашиглах газрын хил заагийг газрын зурагт тогтоох, архитектур төлөвлөлтийн даалгаварт тусгасан байрлалд төлөвлөлт хийхийг зөвлөж байна.

Барих үед хийгдэх геодезийн ажлын төсөл, даалгавар бичих:

Барилга, байгууламж, инженерийн шугам сүлжээ, авто болон төмөр замын зураг төсөл боловсруулах үе шатанд тэдгээрийг газар дээр барьж байгуулах, ашиглах үед аюулгүй байдлыг хангах геометр хэмжээнд геодезийн хэмжилт, зураглал хийх ажлын төсөл, даалгавар бичигдсэн байна.

Геодезийн хэмжилт, зураглалын ажлын төсөл, даалгаварт барих үеийн зөвшөөрөгдөх алдааны хэмжээ,  нарийвчлал нь тусгагдсан байна.

Төсөл даалгаварт тухайн объектыг барих үед байрлал, өндрийг тодорхойлох үндэслэлийн цэг төлөвлөх, түүнийг суулгах, хэмжилт хийх, шалгах арга, аргачлал, нарийвчлал өгөгдсөн байна.

Үндэслэлийн цэгийг төлөвлөх:

Үндэслэлийн цэгийг барилга, байгууламж, инженерийн шугам сүлжээний зай хэмжээний зурагт, ерөнхий төлөвлөгөөний дэвсгэр зурагтай уялдуулан Барилгын геодезийн ажил БНбД 11-08-06-д 3.3, 3.6 дахь заалтад заасны дагуу төлөвлөнө.

Үндэслэлийн цэг байгуулах төслийн бүрдэлд геодезийн үндэслэл байгуулах төслийн зураг, тулгуур цэгүүдийн болон төслийн цэгүүдийн солбицол, өндрийн каталог, суулгах үндэслэлийн цэгийн хэлбэрийн зураг, суургах арга дараалал,  хэмжилт хийх нарийвчлал, хамгаалах аргачлалыг тусгасан тайлбар бичиг байна.

Барих үед хийгдэх геодезийн хэмжилт, зураглалын ажлыг төлөвлөх:

Барилга, байгууламж, инженерийн шугам сүлжээ, авто болон төмөр замын боловсруулсан зураг төслийн дагуу түүнийг барих үед хийгдэх геодезийн хэмжилт, зураглалын ажлын төсөл даалгаварт дараах зүйлийг тусгасан байна. Үүнд:   

1.Үндэслэлийн цэг төлөвлөх, түүнийг байгуулах, хамгаалах, барих, ашиглах үе шатанд түүнийг ашиглах, байрлал, өндөрт шалгалтын хэмжилт хийх,

2.Тэнхлэгийг газарт шилжүүлэх хэмжилт хийх, шугам байгууламжийн хувьд дагуу, хөндлөн огтлол, эргэлтийн элементүүдийг газар дээр нь хэмжилт хийж тэмдэгжүүлэх, шалгах, зөвшөөрөгдөх алдааны хэмжээ,

3.Тэнхлэгийг шилжүүлэх хэмжилт хийх, газар дээр хэмжилт хийж тэмдэгжүүлэх, шалгах арга, дараалал,

4.Барих үе шатны ажилд геодезийн хэмжилт, зураглал хийх, зөвшөөрөгдөх алдааны хэмжээ, хэмжилт, боловсруулалт хийх арга, дараалал, баталгаажуулах тухай, шалгах арга, 

            5.Захиалагчийн, зохиогчийн, гүйцэтгэгчийн хяналтын хэмжилтийг барих үе шатанд хийх арга, дараалал, акт баримт бичгийг бичиж бүрдүүлэх, баталгаажуулах,

            6.Ашиглах үед геодезийн хэмжилт хийх нөхцөлийг хангах хана, багана, сууринд суулгах, марк, реперийн хэлбэр, хэмжээ, түүнийг суулгах, түүнд байрлал, өндрийн хэмжилт, нарийвчлал, боловсруулалт хийх, хамгаалах тухай,  баталгаажуулах тухай,  

7.Ашиглах үед геометр хэмжээг хангах геодезийн хэмжилт, шалгалтын хэмжилт хийх, хэмжилтийн үр дүнг боловсруулах, алдааны дээд хэмжээ, хэмжилт хийх хугацаа, арга, дарааллыг тусгах, хэмжилтээр алдааны хэмжээ нь зөвшөөрөгдөх хэмжээнээс их болсон тохиолдолд ямар арга хэмжээ авах талаар тус тус тусгасан байна.

Боловсруулсан зураг төслийн дагуу тухайн барилга, байгууламж, инженерийн шугам сүлжээг барих, ашиглах үед хийгдэх геодезийн хэмжилт, зураглалын ажлыг  төсөл, ажлын даалгаврын дагуу захиалагч, зохиогч, ашиглагч, хэмжилт хийж буй геодезийн үйл ажиллагаа эрхлэгч тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж бүр гүйцэтгэж дагаж мөрдөхийг зөвлөж байна.

 

               МХЕГ-ын байгаль орчин, газар, геодези, зураг зүйн хяналтын улсын ахлах байцаагч Г.Нарантуяа

геодезийн компани